Монголын түүх, археологи, нүүдэлчдийн соёлын өвөөс сэдэвлэсэн уран барималч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн энэ сарын 2-30-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд олон нийтийн хүртээл болж байна.
Үзэсгэлэнд Монгол хатдын түүхэн дүр, хувь заяа, нийгэмд эзэлж байсан байр суурийг уран баримлын хэлээр илэрхийлсэн бүтээлүүд дэлгэгдлээ. Уран бүтээлч түүхэн сурвалж, археологийн олдвор, эртний дүрслэл, хувцас хэрэглэл, гоёл чимэглэлийн эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан хатдыг зөвхөн хаадын гэргий бус, тухайн цаг үеийн төр, нийгэм, соёлын үйл явцад оролцож байсан бие даасан түүхэн оролцогчид хэмээн бүтээлдээ дүрсэлжээ.
Тухайлбал, “Сорхугтани Бэхи” бүтээлдээ Юань үеийн хатдын дүрслэл болон Рашид ад-Дины “Jāmiʿ al-Tawārīkh” зэрэг түүхэн эх сурвалжаас сэдэвлэн, богтаг малгай, өргөн дээл, гоёл чимэглэлийн дүрслэлээр төрийн ухаан, дотоод хүч, шийдэмгий байдлыг илэрхийлсэн байна. Харин “Бажраг” бүтээл нь Монгол Алтайн археологийн дурсгал болон эртний нүүдэлчдийн амьтны загварт урлагийн уламжлалаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд бугын дүр, эврийн хэмнэл, давталт, хийсвэрлэлээр дамжуулан эртний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзлийг орчин үеийн уран сайхны хэлээр тайлбарласан байна.
Б.Очирсүрэн нь Дүрслэх урлагийн академийн уран баримлын ангийг төгссөн бөгөөд Монголын түүх, археологи, нүүдэлчдийн соёлын өв, уламжлалт дүрслэх урлагийн хэлбэрүүдийг судлан, уран баримлын хэлээр дахин тайлбарлан бүтээл туурвидаг. Тэрбээр Австрийн Вена хот дахь Дэлхийн музейд (Weltmuseum Wien) бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байсан юм.