Испани түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэд финалд аваргаа хамгаалагч Аргентины шигшээ багийг 1-0 гэсэн харьцаатай буулган авав. Тоглолтын цорын ганц, хожлын гоолыг 106 дахь минутад Ферран Торрес оруулж, элэг нэгт ард түмэн, дэлхийн даяарх фанатуудаа баяр жаргалд умбуулжээ.

Луис де ла Фуентегийн залуус тоглолтын эхнээс уламжлал ёсоороо бөмбөгийг илүү эзэмшиж, довтолгоонд санаачлагатай тоглосон. Ялангуяа тэдний төвийн хагас хамгаалагчид тоглолтыг удирдаж байлаа. Аргентинаас ганц бүтэлтэй зүйл байсан нь хаалгач Эмилиано Мартинез байсан. Тэрбээр Испанийн олон ч аюултай довтолгоог няцааж, хаалгаа 106 дахь минут хүртэл хуурай манав. Гэвч Ферран Торресын цохилтыг хаах арга байсангүй.

Тоглолтын хэмнэл, хувь заяаг өөрчилсөн үйл явдал нь Энцо Фернандезын улаан хуудас байсан гэхэд хилсдэхгүй. Тоглолтын эгзэгтэй мөчид Энцо хоёр дахь шар хуудсаа хүртэн талбайг чөлөөлснөөр Аргентин хүн дутуу үлдсэн. Ингэснээр Испанид бүх зүйл улам л амархан болсон.
Шагнуул гардуулах ёслолын үеэр Лионель Месси мөнгөн медалиа зүүн нулимс дуслуулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн.

Тоглолтын дараа Испанийн ахлах дасгалжуулагч Луис де ла Фуенте ярихдаа “Ийм санаа, зорилготой, улам бүр сайжирч буй гэр бүл шиг нэг үеийн хөлбөмбөгчдөөрөө би бахархаж байна. Тэд бол онцгой авьяастай тамирчид. Миний хувьд тэдэнтэй энэ аялалд энэ бүхэнд хүрсэндээ бахархаж байна. Эргээд харахад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Би тоглогчтойгоо их ярьсан. Бид бүгдэд түрүүллээ. Гайхалтай. Тэд Испанийн бахархлын эх булаг болсон нэгэн үеийн хөлбөмбөгчид. Хамтдаа бид хүчтэй.
Тоглолт эрт дуусах боломжтой байсан ч Дибу (Мартинез) гайхалтай хаалтуудыг толилууллаа. Дэлхийн аваргаар арван хүнтэй байсан ч аюул тарьж болдог гэдгийг харууллаа” гэв.

Харин Аргентины дасгалжуулагч Лионель Скалони “Гунигтай байна. Гэхдээ бид бүхнээ зориуллаа. Энд яаж хүрснээ яривал их зүйл байгаа ч энэ бүхэн одоо үнэ цэнгүй боллоо. Залуустаа дахин финалд хүрсэнд, эцсээ хүртэл тэмцсэнд хязгааргүй баярлалаа. Испани биднээс илүү байсан. Энэ бол үнэн. Ялсан шигээ ялагдах өдөр байна. Өнөөдөр бид хожигдож сурлаа. Нэгэн үе оргилд нь гарсан тоглолтдоо хожигдлоо. Бид энд хүрснээ хэзээ ч мартахгүй” гэжээ.
Тэгвэл хожлын гоолыг оруулсан Ферран Торрес “Энэ гоол бол 47 сая ард түмний гоол байлаа. Зөвхөн минийх эсвэл багийн 26 тоглогчийнх байгаагүй. Өнөөдрийн үйл явдал түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид энд хожих гэж ирсан. Финал бүр л хүнд. Месси эсрэг багт чинь байвал үргэлж анхаарлаа сулруулж болохгүй. Өнөөдөр бид өөрсдийн хөлбөмбөгөө тоглож, үүнийгээ дахин нэг удаа харууллаа” гэсэн юм.